Apr 19, 2013

Сүлжээний төрлүүд

Компьютерын сүлжээний хамгийн түгээмэл төрлүүдийг хэмжээний дарааллаар нь жагсаав. Personal Area Network – Хувийн сүлжээ (PAN) Хувийн сүлжээ гэдэг нь нэг хүний хэд хэдэн тоног төхөөрөмжийн хоорондох харилцаа холбоог хэлнэ.
Хувийн сүлжээнд нэгэн компьютерт холбосон принтер, сканнер, утас болон зөөврийн хэрэгслүүд орж болох бөгөөд эдгээрийг холбосон USB, IrDa болон Bluetooth технологиуд нь хувийн сүлжээний жишээ юм. 



Local Area Network – Дотоод сүлжээ (LAN) 

Энэ нь орон гэр, албан тасалгаа, нэгэн барилга байшин зэрэг багахан хэмжээний газрыг хамарсан сүлжээ юм. Ихэнх дотоод сүлжээнүүд одоогоор Ethernet технологид суурилсан байгаа. Сервер ажиллуулан, түүнд холбогдсон ажиллагсдын компьютер, хэвлэгч төхөөрөмжүүд түгээмэл дотоод сүлжээний жишээ юм. 
Компьютеруудыг ихэвчлэн IEEE 802.3 протоколоор ажилладаг сүлжээний төхөөрөмжүүдэд Cat5 эсвэл сайжруулсан Cat5e төрлийн сүлжээний кабелиар холбох бөгөөд хамгаалалттай төхөөрөмжөөр дамжуулан интернетд холбоно. Cat5 кабель нь 10/100Mbps хурдаар, Cat5e кабелиар 10/100/1000Mbps хурдаар нэгж кабелийн урт 100 метрээс хэтрэхгүйгээр сүлжээний холболтыг хийнэ. Түрүүн дурдсаны адил ихэнх сүлжээ утастай сүлжээ хэрэглэж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс утасгүй сүлжээг хязгаарлагдмал хандалтын эрхтэйгээр хөдөлгөөнт болон түр хэрэглэгчдэд зориулан хэрэглэдэг. Утасгүй сүлжээнд зарим тохиолдолд албан тасалгааны гаднаас нууцаар нэвтрэх боломжтой байдаг учир нууцлалыг өндөр түвшинд (WPA болон WPA2) тохируулан хэрэглэх шаардлагатай. 

Campus Area Network – Цогцолборын сүлжээ (CAN) 

Хоёр болон түүнээс олон сүлжээг холбосон боловч ойрхон газарт хязгаарлагдсан оюутны хотхон, үйлдвэрийн сүлжээг хамруулна. Хотын сүлжээтэй төсөөтэй хэмжээ, хамрах газрын хувьд жижиг байдаг. 

Metropolitan Area Network – Хотын сүлжээ (MAN) 

Хотын сүлжээ гэдэг нь олон дотоод сүлжээ, цогцолборын сүлжээг холбосон өргөн сүлжээ бөгөөд тухайн хот суурин, төвлөрсөн газраас хэтэрдэггүй. Энэхүү сүлжээг байгуулахад маш олон төрлийн сүлжээний төхөөрөмжүүд хэрэглэгдэх бөгөөд мэдээлэл зарим тохиолдолд олон өөр төрлийн сүлжээгээр дамжин хэрэглэгчид хүрч болно. 

Wide Area Network - Өргөн бүсийн сүлжээ (WAN) 

Өргөн бүсийн сүлжээ нь харьцангуй том газар нутгийг хамрах бөгөөд хот улсуудын хооронд дамжин тухайн улсуудын томоохон технологийн компаниудаар дамжин хэрэгждэг. Эдгээр сүлжээнүүд нь сүлжээний загварчлалын доод түвшинд буюу ихэвчлэн сүлжээний холболт, бодит холболтын түвшингийн үүргийг гүйцэтгэн алсад байрласан дотоод сүлжээнүүдийн хооронд мэдээллийг аюулгүйгээр солилцуулахад чухал үүрэгтэй. 

Internetwork – Cүлжээ хоорондын сүлжээ 

Хоёр болон түүнээс дээш сүлжээ эсвэл сүлжээний хэсгүүдийг нэгтгэн сүлжээний 3 дахь түвшин буюу сүлжээний түвшинд ажилладаг. Олон нийтийн, хувийн байгууллагын, арилжааны, засгийн газрын эсвэл үйлдвэрийн сүлжээнүүдийн хооронд үүсгэсэн ямар нэгэн холболтыг ингэж нэрлэж болно. Орчин үед, хоорондоо холбогдсон сүлжээнүүд нь Internet Protocol-г хэрэглэдэг. 
Олон төрлийн байж болох ч хэн удирдаж, хэн хэрэглэж байгаагаас шалтгаалан гурван үндсэн төрөлд хуваана: 
 • Интранет 
• Эктранет 
• Интернет 
Интранет, экстранет нь Интернетд холбогдсон, холбогдоогүй байж болно. Холбогдсон нөхцөлд гаднаас хандалт хийхэд нэвтрэх нууц үг болон бусад хамгаалалтын арга хэрэгсэлтэй байдаг. Интернет нь интранет, экстранетийн хэсэг биш бөгөөд экстранет-д хандахад дамжуулагч болж болно. 
Интранет гэдэг нь Интернет протокол хэрэглэн үүсгэсэн, вэб браузер ашиглан хандах зориулалттай төвлөрсөн удирдлагатай сүлжээ юм. Сүлжээний админ нь хандалтын эрхийг зөвхөн тодорхой хэсэг хэрэглэгчдэд зориулан хаадаг. Ихэнхдээ интранет нь аливаа нэгэн байгууллагын дотоод сүлжээ, дотоод вэбсайт байдаг. Экстранет нь тодорхой хэрэглэгчидтэй хаагдмал сүлжээ бөгөөд байгууллагын сүлжээний зарим хэсэгт өөрийн харилцагчдыг холбосон тохиолдолд үүсдэг. Үүний жишээ нь цахим татварын вэбсайт, банкны дансаа шалгах хэсэг гэх мэт юм. Интернет нь дэлхий даяарх засгийн газрын, боловсролын, олон нийтийн, хувь хүний болон бизнесийн олон сүлжээг нэгтгэсэн сүлжээнүүдийн сүлжээ юм. 
Анх АНУ-н засгийн газар, их сургуулиудын сүлжээ – ARPANET – дээр суурилсан гарч ирсэн бөгөөд World Wide Web – WWW буюу дэлхийн вэбсайтын сүлжээ багтдаг. Интернетд оролцогчид нь зохицуулах байгууллагаас өөрсдийн тусгай давхцахгүй хаяг, нэрийг аван өөрсдийн сүлжээ, серверийг холбодог. Өөрсдийн сүлжээний ажиллагаа, хаягийн мэдээллийг BGP протоколоор дамжуулан удирдсанаар бидний байнга хэрэглэдэг Интернет нь найдвартай сайн ажилладаг

0 comments:

Post a Comment